Хувийн мэдээлэл

Тугчин Лувсангийн Даваасүрэн

Миний товч түүх:
Хэнтий аймгийн Батноров сумын харьяат. 1989 он хүртэл МААЭШ-ний хүрээлэнд зохион бүтээгч инженер, 1989-2004 онд МХЗЭ-ийн ТХ-ны “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийн сурвалжлагч,
“Тэнгэр” мөн “Монголын залуучууд” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монголын анхны хувийн хэвлэлүүдийн нэг “Хос мөр” сонины эрхлэгчээр ажиллаж байсан.

2003 оноос эхлэн компьютерийн хэрэглээний програмын давхардсан тоогоор 7 цуврал номыг бичихийн сацуу зарим дээд сургуульд хэвлэлийн график дизайны хичээл зааж ирсэн. 2006 оноос өнөөг хүртэл шинжлэх ухаан танин мэдэхүйн “Эрдэм их хүч” сэтгүүлийн ерөнхий редакторын алба хашиж байна.

Мөн 2009 оны хичээлийн жилээс Кино урлагийн дээд сургууль (Жигжидын нэрэмжит)-д сэтгүүлч, оператор, найруулагч болон урлагийн менежерийн ангиудад “Хэвлэлийн дизайн, фото сэтгүүл зүй”, “Дижитал дүрслэлийн үндэс” хичээлүүдийг зааж байна.

Миний уран бvтээл:

2003-2004 онд “Хэвлэлийн эх бэлтгэл & Design” Бие даан vзэх цогц сурах,
2004-2005 онд “Хэвлэлийн эх бэлтгэл & Design” нэмж засварласан II хэвлэл,
2005-2006 онд “InDesign CS/CS2-Эх бэлтгэлийн шинэ стандарт” Монголын мэргэжлийн эх бэлтгэлийн анхны цогц сурах бичиг,
 
2007 онд “Хэвлэлийн график дизайн & CorelDRAW X3 ” мэргэжлийн график дизайны бие даан vзэх сурах бичиг,
2007-2009 онд “Мэргэжлийн зураг засвар & Photoshop” Монголын мэргэжлийн анхны зураг засварын цогц сурах бичиг,
2009 онд “Компьютерийг эхнээс нь зөв ашиглах гарын авлага”
2011 онд “Мэргэжлийн зураг засвар & Photoshop CS5″ зураг засварын цогц сурах бичгийн хоёрдугаар хэвлэл,
2012 онд “Компьютерийг эхнээс нь зөв ашиглах гарын авлага” номын хоёрдугаар хэвлэл,
2012 онд “Хэвлэлийн график дизайн ба Illustrator CS5, CorelDRAW Х5″ мэргэжлийн график дизайны бие даан vзэх сурах бичгийн дөрөвдүгээр хэвлэл зэрэг бүтээл туурвисан.


Миний бүтээлийг үндсэн сурах бичгээ болгон ашиглаж буй сургуулиуд:

  1. ШУТИС-ын Үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, КТМС
  2. Боловсролын Их Сургуулийн Компьютер, Мэдээллийн технологийн сургууль, Дүрслэх урлаг, технологийн сургууль, Багшийн сургууль
  3. ХААИС
  4. Соёлын дээд сургууль,
  5. Ulaanbaatar University (Солонгосын),
  6. “Хүрээ” дээд сургууль (Солонгосын),
  7. Барилгын коллеж,
  8. “Шинэ иргэншил” дээд сургууль,
  9. Хүнсний технологийн коллеж,
  10. Техник технологийн коллеж (Солонгосын),
  11. Үйлдвэрлэл урлалын дээд сургууль,
  12. City Institute (Монголжингоо дээд сургууль)
  13. “Харцага” кино урлагийн дээд сургууль,
  14. Радио телевизийн дээд сургууль,
  15. “Их монгол” дээд сургууль,
  16. Кино урлагийн дээд сургууль (Жигжидын нэрэмжит).
  17. “Зохиомж” дээд сургууль,
  18. “Од” дизайн, технологийн дээд сургууль,
  19. ШУТИС-ын Өвөрхангай дахь салбар сургууль,
  20. ХБНГУ-д эх бэлтгэл, гэрэл зургийн студи байгуулан ажиллаж буй хүмүүс,
  21. Нидерландын Амстердам хотноо  гэрэл зургийн студи байгуулан ажиллаж буй хүмүүс,
  22. Турк улсад суралцаж буй монгол оюутнууд,
  23. Хятад улсын Шанхай хотноо дизайны чиглэлээр суралцаж буй монгол оюутнууд,
  24. БН Солонгос болон АНУ-д Барилгын интерьер дизайны чиглэлээр сурч буй 6 монгол оюутан миний “Мэргэжлийн зураг засвар & Photoshop” номыг монголд буй хүмүүсээрээ дамжуулан захиалж аваад хичээлдээ ашиглаж байна.

Мөн миний сурах бичгийг ашиглан монголын бүх хэвлэлийн газар, сонин, сэтгүүлийн редакциуд, дижитал зургийн газрууд өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.

**********************************************************************************

Энэ зун төрсөн нутаг Хэнтий аймгийн Батноров сумандаа очиж сайхан амарлаа. Жаахан зураг авлаа. Тэгээд оруулж амжихгүй явсаар өдий хүрсэн байх юм.

Хэнтий аймгийн Батноров  сум нь Улаанбаатар хотоос 430 км, аймгийн төв Өндөрхаан хотоос 105 км-т  байрладаг. Дээхэн үед Гүн далай, Хунт нуур, Цагаан нуур, Олон нуур зэрэг нуурууд, Хэрлэн мөрөн, Зос, Жаргалант, Загастай, Бүрд, Харз, Ихэт, Зүрхийн  бүрд зэрэг олон том, жижиг  гол горхи, булаг шандуудаараа бахархдаг байлаа. Эдүгээ дулаарлын улмаас тал хувь нь ширгэсэн нь тун харамсалтай. Гэхдээ Зүрхийн бүрд маань хэдий д ч мөнх оршсоор байх нь бахархалтай.

***********************************************************************************

Зүрхийн бүрд-миний тоонот

Олоон жилийн хойно төрсөн нутаг тоонотдоо ирэхэд өвч биеийг минь агуу их амар амгалан эзэмдэж өөдөсхөн жаахан насаа дурслаа. Зүрхийн бүрд гэдэг нэрийг хэн нэгэн анх өгөхдөө зүрх хэлбэртэй уулаар нь бус зүрхний хайртай бүрд хэмээсэн мэт бодогдох  нь нутгаа санасан хүүгийн сэтгэлийнх биз ээ.

Түм түжигнэж бум бужигнасан их хотын нүргээн дунд орж явчихаад гуч гаруй жилийн нүүр үзэхдээ он цагийн  элээсэнд улам улмаар бүдэгрэх хүрдтийн гурван бүрдээр тамгалсан эцгийн гэрийн буурийг нэгээхэн ч мартаагүй билээ. Компьютерийн дэлгэц ширтсэн ааг амьсгаагүй ажил үйлийнхээ чөлөө гарахтай зэрэг л нутгаа тэмцсэнийх харин ч сайхан зуншлагатай үеэр нь таарчээ.

Гэхдээ Мэгзэмийн Болдбаатар дүүгийн ярьж буйгаар ямар ч ган гачигтай үед Зүрхийн бүрд маань хүн малын умдаа таслаагүй бурхнаас заяасан буянтай газар орон гэнээ. Миний эцэг Данзаннямын Лувсан гэдэг хүн, Норовлингоос гаралтай Должингийн Бадамдорж хэмээх ээжтэй маань энэ л уудам хөндийд анх гал голомтоо бадрааж Цагаан өндрийн энгэрийн өвөлжөөнд миний бие ууган хүү нь болж дуугаа хадаажээ. Ер нь бол энэхүү бяцхан бүрдийг тойрсон өвөлжөө бүрийн тоогоор миний ах дүү, хамаатан садан мэндэлсэн байх юм.

Бидний багад яарсан үед нэгэндээ хэл дуулгах гэж их л сандардаг байсан бол одоо малынхаа бэлчээр дээрээс гар утсаар ярьж, олон сувгийн телевизээр дэлхийн сонин, хотын түүхий эдийн ханшийг мэдэж, хүсвэл нарны толио залгаад л G mobil-ийн зөөврийн модемоор интернэтээр ч аялах боломжтой болжээ. Өдгөө айл бүхний гадаа бага оврын ачааны машин сойгдож, нутгийнхны  хар ярианы хэлнээ “дугуй” хэмээгдэх хятад мотоцикл хамаг хар бор ажлыг нь амжуулдаг “унааны морь” болжээ.

Адуу малтай ижилсэн амар тайван хөвөх энэ нутгийн хос хун гурван хөөрхөн дэгдээхэйгээ дагуулаад нүүдлийн шувуудын жамаар халуун орныг тэмцэх лүгээ ажил амьдралын аясыг даган төрсөн хүү нь холыг зорих ч нутгаа гэх сэтгэл зүрх нь уяатай ботго шиг л эргэлддэг шүү эх орон минь !

Сэтгүүлч Тугчин Данзаннямын Лувсангийн Даваасүрэн

2011 оны 7-р сар.

Миний тоонот. Тэртээ харагдах “Цагаан-Өндөр”  хэмээх  шовх энгэрт төрсөн бууц маань байгаа. Энэ бол эцэг өвгөдөөс заяатай “Зүрхийн бүрд” хэмээх хүн малын ундтай нутаг даа.

Цагаан өндрийнхөө оройд гартал цагаан азаргатай хэдэн адуу миний чимээнээс үргээд төрсөн бууцнаас минь холгүйхэн өнгөрлөө…

Зундаа усны шувуу нь малтайгаа ижилдэх Зүрхийн бүрд маань шүү дээ…

Миний эцэг Данзаннямын Лувсан баруун хил дээр 5 жил, тэгээд сунгаад 1 жил нийт 6 жил цэргийн алба хаасан тухайн 1950-60-аад оны үедээ нутагтаа эрдэм боловсролтой хүний нэг байв. Аав маань багийн дарга, ухуулагч хийж явжээ.Сумын ухуулагч нарын зураг архиваас олдсон нь энэ. Миний аав арын эгнээнд зүүн гараасаа эхнийх нь.

Харин ээж маань бол гэрийн сайн боловсролтой.  Хуучин монгол, төвд хэл бичиг мэддэг тэр үед л нутагтаа байхгүй сэхээтний нэг байсан юм гэнэ лээ. Сүүлд хоршооны даргын албыг олон жил хашсан Содном гуай: -Танай ээжээр л би бичиг ном заалгасан хүн шүү дээ гэж байж билээ. Тэгэхлээр ээж минь аавын дэргэд жинхэнэ боловсролтой хүн байж. Аав бол яахав цэргийн хэдэн жил л юм заалгасан хүн.

“Цагаан-Өндөр” маань тээр тэнд харагдаж байна. Харин наана нь манай Болдоо мотоциклоор хонио эргүүлж явна. “Дугуй” хэмээх энэ унаа орчин үед “хонины морь”-ийг орлох болжээ.

Хуртай, нартай нутгийн мал гэсэндээ манай Болдоогийн адуу ч аргагүй аагтай байна лээ шүү.

*********************************************************************************

Сумын наадам

Наадмын өглөө сумынхаа төв үрүү орж ирэхэд л хангай дэлхий хураа хайрлаж, газар зөөлрөн дэвтэж угтлаа…

“Хойтон жилийн наадам хол байна даа хол байна” хэмээн хоёр наадмын дунд сэтгэлээн тээж амьдардаг миний нутгийн ард түмэн хэний морь хаана ирэх бол хэмээн өндөлзөж сууна…

Нартай, хуртай сумын наадам…

Миний багын найз аймгийн алдарт уяач Дугарийн Наранчимэг улаан залаатай малгайтай нь, харин наана нь нэг голд чулуугаар гэр барьж өссөн унаган багын найз Шагдарсүрэнгийн Рэнцэндорж нар маань наадамд мордохын өмнө

Найз  Рэнцэндорж дорж маань надад зориулж хийсэн ямааны боодгоо улам амттай болгох гээд хутгаар хусаад сууж байна даа

Рэнцэндоржийнд хуучилж суутал зуны үдшийн нээлттэй хаалгаар ийм дүр зураг харагдав. “Монголын их амар амгалан” гэдэг л энэ байх даа

Эд нар ч хотын биднээс дутахгүй олон сувгийн телевизийн нэвтрүүлэг үзээд амар болжээ. Бас нар, салхинаас цахилгаанаа авчихна.

Наранчимэгийн маань уяа

Манай хүргэн Цэрэндоржийн Пунцагноровын алдарт хурдан азарга баясаад байх чинь

Дүү Болдбаатар маань нутагтаа нэртэй сайн уяач болжээ. Голынх нь Болдбаатар.

Энэ бол Болдоогийн маань бяцхан хүү.

-Шагнал авч байгаа хэн бэ? гэсэн чинь

-150-ын Болдоо гээд бөөн инээдэм болгов. Хэлд дөнгөж ороод байгаа хүн мориныхоо дугаарыг хүртэл цээжилчихэж. Хөдөөний хүүхэд ч мөн дөө…

Манай хүргэн Дагвын Баатар, Цэрэндоржийн Пунцагноров нарын бидэнд зориулж  зохион байгуулсан наадмын зугаалга ч тархи сэргээсэн шүү

Дүү Саранцэцэг маань бидэнд зориулж гүү барьсан юм. Саам, айраг уугаад л сайхан байлаа шүү энэ зун.

Тожил буюу Батноров хийц

Халх даяар алдартай Батноров хийцийг хадгалж яваа хүний нэгдээ манай дүү Болдбаатар

Манай аавын эдэлж явсан  Тожил буюу мөнөөх дунд гарын Батноров хийцийн эмээл дүү Саранцэцэгийн хүү Ганхүүд хадгалагдаж явдаг юм

Батноров хийцийн 2011 оны хамгийн сүүлийн үеийн “моод”. Зөвхөн ганц чимэг нь гэхэд л 5 сая төгрөг болсон гэж байгаа

**********************************************************************************

Хөлөг Боорчийн нутаг

Манай нутгийн хамгийн том бахархал бол Чингисийн багын анд, есөн өрлөгийнх нь нэг нэрт жанжин Боорчийн төрсөн нутаг юм. Түүний эцэг Наху баяны үй түмэн сүрэг Хөхүүрийн тал хэмээх сумын урд талын энэхүү удам талд бэлчиж явжээ. Чухам энэ талд л 8 шарга мориныхоо эрлээр явсан залуу Тэмүжин насан туршийн итгэлт анд Боорчитойгоо учран анд барилцжээ.

Одоо тэгээд манай сумынхан Хөлөг Боорчийн цэцэрлэгт хүрээлэн барих их ажилд шамдан орцгоож байна.

Усан оргилуур нь үдэш ийм харагдана. Дүү нарынхаа хамт авахуулсан юм. Хөдөөдөө л бараг байхгүй дээ.

Эхнэр бид хоёр ч гэгээн нөхөрлөлийн өмнө андын тангараг өргөж яагаад болохгүй билээ.

Нутагтаа нэг ийм хандивын том самбар хийж өглөө

**********************************************************************************

9-р сарын нэгэн ер бусын өдөр

Хаа тэртээ 1969 онд Батноров сумын бага сургуулийн 4-р ангийг отголж бидний хэсэг нөхөд төгсжээ. Ингэхлээр бид чинь өнгөрсөн зууны хүмүүс болох нь байна шүү.

Яг л энэ зураг дээрх томоогүй нүдээдээ өөдөөс ширтэх тэр л бага насандаа бид чинь улаан таван хошууг чимэг болгон оёсон даавуун цүнхтэй, галладаг зуухан дээр хөлдсөн бэхнийхээ хуванцар савыг гэсгээх гэж тавиад шоргоолжин үзгээ багтахгүй болтол амыг нь умайлган түлчихдэг хүүхдүүд байлаа. Нэг ёсондоо бид чинь нэгэн нэрт найрагчийн хэлснээр:

“Арван саахалтын газраас

Агсам мориор сургуульд давхиж

Эрийн цээнд хүрэн өндийхдөө

Эмээл дээрээ хөндлөн суусан” хөдөөнийхөн байлаа шүү дээ

Тэгээд  бага ч болов хойч үед минь урам болох болов уу хэмээн манай ангийнхан “100-н дааганы уралдаан”-г энэ 2011 оны 8-р сарын 30-нд ивээн тэтгэж зохион байгуулсан юм.

Манай ангийхан хүргэн, бэрүүдийнхээ хамт. Одоо ч эмээ, өвөө болжээ.

Энэ бол манай ангийн алдарт малчин цагтаа 3000-т гэгдэж явсан одоо одон медалаа дйилэхгүй яваа Гүржавын Энхтайван. Бид хоёр чинь багадаа зураач болох гэж мөн ч олон дэвтэр эрээчсэн дээ.

Дааганы уралдаан

Даага эргэхэд бэлэн. Манай нутгийхан ч зохион байгуулалт сайтай уралддаг болжээ.

Наашаа өвөө үрүүгээ харах яах вэ, араас чинь барилаа шүү, амыг нь тавиад өгөөрэй

Зөв талаар маань ч орчихлоо шүү…

Манай Нарангийн ач түрүүлээд хөдөө сүргийнхээ бэлчээрээс G mobil-аар дамжаад интернэтэд ордог компьтертай ч болсон шүү.

Манайхан холоос зорьж очсон эхнэр бид хоёрыг гаргаж өгөхөөр сумын хаягт хаалган ирээд байна.

Манай сумын өөр нэг бахархдаг  зүйл нь хайлуур жоншны асар их нөөц баялаг билээ. Анхны орд Ямаатыг, тэгээд Бэрхийг 1950-аад оны эхэн үеэс нээсэн. Эдүгээ Бухт, Хавтгай-1, Хавтгай-2, Хавтгай-3, Ямаат, Сэрвэн, Шувуут, Майл, Гозгор, Сэртэн, Чимэдийн хөндлөн, Дэлгэрхаан  зэрэг зарим орд ашиглагддаг болон нөөцөнд байдаг. Улсын чанартай сайжруулсан шороон зам Өндөрхаанаас Батноров, Норовлин, Баян-Уул, сумдуудаар дайрч Оросын хил хүрдэг. Батноров сум нь баруун талаараа Хэрлэн, баруун хойд талаараа Биндэр хойд талаараа Баян-Адрага, зүүн хойд талаараа Норовлин,зүүн , зүүн урд талаараа Баян-Овоо, Урд баруун урд талаараа Баянхутаг сумдтай хиллэдэг, нийт газар нутгийн хэмжээ 515197 га газар, 496.2 мянган га бэлчээр, 9.2 мянган га хадлангийн талбай 6.4 мянган га ой мод, тариалангийн 2.5 мянган га талбайтай.

Responses

  1. sain uu bagshaa bi tanii olon myngan oyutnuudiin l neg baina.Bi kino urlagiin deed surguuliin setguulchiin 2r angiin oyutan L.Otgontsetseg baina.Nadad tanii hiij baigaa buh zuil mash ih taalagdlaa.Tanias surj medeh yum mash ih baina.Taniar hicheel zaalgaj baigaadaa mash ih bayrtai baina.Za tanid amjilt husey.Tsashdaa olon olon zuil hiigeerei.

  2. Sain bainuu …………………………. minii blog g sonirhoj uzeerei
    http://2-day-n-nite.blogspot.com/

  3. Сайн байна уу багшаа. Таны цаашдын ажилд өндөр их амжилт хүсье. Таны хичээл маш их тааллагддаг шүү.

  4. Sain bnuu yum asuuy bagshaa
    Shop CS4 hondlon zurgiig dursee ewdehgui bosoo bolgoh arga yu bilee heleed ogooch
    Bas tanid heden zurag uzuuleh gesen yum yaj uzuuleh uu

  5. In design surmaar bna yaahuuuuu

  6. sain bn uu bi say adobe.com gej oroh gej bgaad adobe.mn gej anduuraad orloo hehe sonirholtoi l site bn gehdee bi hevleliin bish video graphich chigleleer televized ajilaj bgaad odoo uuruu huviaraa studio neej neg Cyber art gesen nevtruulge hiih gej bgaa tanii zav zai bolomj baival tanias heden zuvluguu avah gesiin minii id muzzy_battuvshin@yahoo.com

  7. hi bi hentii aimgiin binder sumiin haryat hun l dee. Odoo baganuuriin uurhaid ajildag yuma.Tanii bichsen nomnuudiig haanaas olj avch boloh be?. Minii bie computer ih sonirhdog yuma. Tegeed ch huuhduudede unshuulmaar bn

    • сайн уу Хуягаа, миний номыг 99786401 утсаар холбоо бариад дэлгүүрийн нэмэгдэлгүй үндсэн үнээр нь авч болно.

  8. Таны блог сонирхолтой юм их бүтээлч нийгэмд хэрэгтэй оюцнлаг зүйлийг бүтээгч гэж бодлоо

    би өөрөө бас дизайнер хүн л дээ таны шавь гэж л ярих юм байна манай сургууль таны сурах бичгээр ордог байсан юм байна тэгээд

    таны яг бие даасан бүтээлүүд байдаг уу байдаг бол үзмээр санагдлаа

    • сайн уу, багш нь нэг их бүтээл хийгээд байдаггүй сурах бичиг л зохиож сургалт явуулдаг хүн шүү дээ. Гэхдээ ганц нэг бүтээл бий. Жишээ нь Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг хэмээх ТББ-ын лого бий. Интернэтээр ороод үзээрэй сайт нь байгаа.

  9. 1990 оны №1 “Залуу зохион бүтээгч” сэтгүүл дээр Зөвлөлтийн “ЮТ для умелых рук” сэтгүүлийн эрхлэгч В.А.Заворотов манай урилгаар зочлов гэсэн ЗЗБ сэтгүүлийн 1989 оны гол үйл явдал гарчигтай бяцхан мэдээлэл байдаг тэр хүний хийж байсан шиг хавсралт сэтгүүл гаргах талаар анхаарч үзээч ??????
    Би залуу техникчдын ордонд ажиллаж байсан Хэнмэдэх, Наранхүү нартай хамтран Сэлэнгэ аймгийн Залуу техникчдын станцын эрхлэгчээр ,бас Тогтохнямтай хамт Аймгийн МХЗЭ-ийн хороонд ажиллаж байлаа одоо тэтгэвэрт гарсан миний шавь нараас миний фото зураг,цахилгаан радио техник дугуйланд сурч байсан С.Баярцогт , загварын дугуйланд сурч байсан Г.Аззаяа зэрэг олон шавь нарын талаар гаргах номыг минь хэвлэн гаргаж өгч болох уу? 99553476 хариу

  10. Сайн байн уу. Таны блогыг сонирхон байнга уншидаг. Мөн “Эрдэм-Их хүч” сэтгүүлийг байнга уншиж судалдаг юм. Өнгөрсөн, Одоо, Ирээдүй нь тухай мөн хүний нийгэм болон эх дэлхий, байгалийн юмс үзэгдэл, шинжлэх ухааны талаар олон сайхан мэдээ мэдээлэл уншиж танилцдаг. Таны ажилд сайн сайхныг хүсэе.

    • Урмын үг үргэлж хайрладаг уншигч та нартаа баярладаг шүү.

  11. Saihan blog baina, bayarlalaa. Amjilt husey!

  12. Сайн байн уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уучлаарай танаас зөвлөгөө авах гэсэн юм. Би шинээр сэтгүүл гаргах бодолтой байгаа юм. Иймд сэтгүүлийн эх бэлтгэл, дизайнер авч ажиллуулахдаа тухайн хүний мэргэжлийн ямар ямар чадварыг харгалзаж үзвэл болох вэ?.

  13. Монголын сурч мэдэхийг хүсч тэмүүлж байгаа мянга мянган залуучуудын болоовсролын төлөө хийж байгаа бүх зүйл д чин баярлалаа.
    та номнуудыг авч суралцах болноо.

    • Урам хайрласан залуус та бүхэнд баярлалаа

  14. сайн байна уу? таны номыг би хичээл заахдаа ашиглаж байгаа. Намайг Н.Мөнхбаяр гэдэг. Би Мэдээлэл харилцаа технологийн тэнхимл багшилдаг. Ховд их сургууль бас ашигладаг юм шүү.

  15. Мэдлэгт тэмүүлэгч залуус Та бүхэнд миний ном хэрэг болж байвал хүсэл маань биелж буй нь тэрээ. Баярлалаа

  16. sain bnu? Anh udaa l ene site-iig sonirhoj uzlee. erunhidu taalagdlaa, manaih bichig hergiin company bgama. udku catalogue gargah sanaatai.
    tgd eh beltgeh dizainer yaraltai heregtei bga yuma. ta sanal bolgoch. yaraltai hariu

    • За би хүнтэй холбоо барьж өгье


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.