- Л.Даваасүрэн миний бие “Эрдэм-Их хүч” сэтгүүлийн ерөнхий редактороор ажилладгийн хувьд уншигч та бүхэндээ уг сэтгүүлд нийтлэгдсэн шилдэг нийтлэлээс танилцуулж байх болно. Уг сэтгүүл нь оросын элитүүдийн 80 жилийн турш амтархан уншсан “Знание-Сила” сэтгүүлийн албан ёсны монгол хувилбар юм.
2012 оны N01 гарлаа, номын дэлгүүрүүдээс олж уншаарай
2011 оны N04 гарлаа, номын дэлгүүрүүдээс олж уншаарай
2011 оны N03
Эртний майя нарын үлдээсэн материалаг соёлын дурсгалуудыг археологчид сүүлийн үед олноор илрүүлсээр байна. Өмнөд Мексик, Гватемал, Белиза зэрэг газруудад малталт хийсээр байгаа боловч бүхэл бүтэн хотууд тэр хэвээрээ үлдсээр. Майя нарын түүхийн судлагдаагүй хуудсуудыг сэргээн тодруулахын тулд эрдэмтдийн хийх ажил ихээ. “Манай соёл иргэншил хэдхэн жилийн настай юм бол майячуудын хаяж үлдээсэн хотуудыг судлаж амжих юм уу?” гэсэн бодолтой улс ч бий. Тэдний цаг тоолол ёсоор 2012 оны арван хоёрдугаар сарын 21-нд бүх зүйл дуусна. Ертөнцийн сүйрэл.
Саяхан гарч ихээхэн дуулиан дэгдээсэн Роланда Эммерихийн “2012 он” бүтээлд итгэх аваас ирэх зул сарын баяр бидний хувьд эцсийнх болж байна. Дахиад тийм баярыг хүлээлтгүй. Түүний дараачийн 2012 оны арван хоёрдугаар сард бид сүйрнэ. Асар том сүйрэл.
Янз бүрийн ном зохиол, кино, интернэтийн блогуудад тэр их сүйрлийн талаар их бичиж байна. Цаг агаарын өнөөгийн таагүй үзэгдлүүд, олон нийтийн үймээн самуун, жигүүртэн шувуудын үхэл зэрэг нь тэр сүйрлийн урьтал дохио гэнэ. Энэ их шуугиан дуулиан, гутранги үзэл дунд эрдэмтдийн шударга шүүмжлэл, анхдагч эх сурвалжууд дуугүй дарагдах ёстой гэж үү? Эртний одон орон судлаач германы эрдэмтэн Андреас Фулсын дэвшүүлж байгаа санал ч тэдний нэг билээ. Маргаашийн сүйрэлд санаа зовон шаналж байгаа гутранги үзэлтнүүдийг цочроосон таамаглалыг тэр дэвшүүлж, ертөнц сүйрэх хараахан болоогүйг өгүүлсэн майя нарын цаг тооны бичиг өөрт нь байгаа гэжээ. Түүний үзэж байгаагаар майячуудын цаг тоолол дээр дахиад 208 жилийг нэмэх хэрэгтэй, учир нь тэдний тоолол үйл явдлын бодит өрнөлөөс хамаагүй хоцорч яваа гэжээ.
Тэгэхлээр зөгнөн хэлсэн тэр сүйрэл 2012 онд биш, харин 2220 оны арван хоёрдугаар сарын 21-нд тохиох ажээ. Хойч үеийнхэн минь, энэ сайхан бэлгийг хүлээн авцгаа.
Түүхчид майя нарын уламжлалт түүх бичлэгийг ашиглаж эхлээд хэдэн арван жил өнгөрчээ. Тэдний тогтоосноор майячуудын соёл иргэншлийн “сонгодог үе” нь шинэ эриний 3-9 дүгээр зуунтай тохирч байгаа ажээ. Тэр их соёлын эргэлт буцалтгүй уналт 900 оны дараачаас эхэлсэн байна. Майячууд зэрлэг дайнч омгууд болон тал бүрээс нь шахах ой моддод хавчигдан хот суурингуудаа орхин явцгаажээ.
Майячуудын нутаглаж байсан газар нутгийг испаничууд 1524 оноос эзлэж эхэлсэн юм. Испанийн булаан эзлэгчдийн үлдээсэн 16-17 дугаар зууны үеийн түүхэн баримтууд ихэвчлэн майячуудын уламжлалт цаг тоололд үндэслэсэн байдаг. Майячуудын амьдралын түүхэн үйл явдлууд, эрх баригчид солигдсон түүх, аян дайнууд, шашны зан үйлүүдийн талаарх мэдээллийг тэдгээр баримтуудаас мэдэж болно. Цаг хугацааны эцэс төгсгөлгүй энэ урсгалууд, үйл явдлуудын баримтууд дунд ямар нэгэн найдвартай үндэс тулгуур байдаг нь Сарны мөчлөгүүд, тэнгэрийн мандал дахь Сугар гараг, Нар, Сар хиртэх тухай мэдээллүүд юм.
Тэгэхлээр тэнгэр огторгуйн үзэгдлүүдийн талаарх хэсэг бусаг дурсамжуудад тулгуурлах нь майячуудын түүхийн аль нэгэн үйл явдал европын тооллын хэдэн онд хамаатайг тодорхойлж болно гэж үү? Фулс “Дрездены томъёо” гэгчид тулгуурлан майячуудын шашны баяр ёслолууд, одон орны үзэгдлүүд хэдийд болдгийг тогтоохдоо Мексикийн болон зэргэлдээх бусад улсын нутагт хадгалагдан үлдсэн, майячуудын хөшөө дурсгалууд дээрх дүрс бичгүүдийг ашиглажээ. Тэр бүх мэдээлийг Фулс шинэ эриний хоёр дахь мянганы эхний хагаст Төв Америкийн нутагт болж байсан тэнгэр огторгуйн гоц өвөрмөц үзэгдлүүдийн мэдээлэл агуулсан тусгай компьютерын програмд оруулжээ.
Тухайлбал, 830 оны арван хоёрдугаар сарын 19-нд Мексикийн тэнгэрт ховор үзэгдэл тохиож, өвлийн өдөр шөнийн тэнцэл, тэргэл саран хоёр давхацжээ. Харин Сугар гараг шинэ мөчлөгийнхөө эхэнд анх удаагаа “өглөөний од” буюу үүрийн цолмон байдлаар харагдсан нь одон орны ихээхэн ховор үзэгдэл тул майячуудын бөө нар анзааралгүй өнгөрсөн баймгүй.
Энэ мэтчилэн бусад үйл явдал, үзэгдлийг харьцуулснаар Фулс майячуудын тооллыг бидний цаг тоололтой жишсэн байна. Үр дүнд нь тэдний тоолол биднийхээс 208 жилээр хоцорч байгаа нь батлагдсан тул майячуудын соёл иргэншлийн сонгодог үе нь Фулсынхаар 5-6 дугаар зуунд хамаарч байна.
“Эртний Америкийн” түүхийн мэргэжилтнүүд зэрэг зарим хэсэг нь майячуудын “Шинэ түүх тооллыг” эрс шүүмжилдэг ч бусад баримтууд тэдний талд байдаг. Жишээлбэл, обсидиан, галт уулын шил зэрэг майячуудад ихээхэн түгээмэл байсан зүйлсийг хэлж болно. Түүнээс гадна майячуудын бичиг судлаач нэгэн испани мэргэжилтэн: “Хэрэв майячуудын бичгийн дурсгалуудыг нарийн судалж үзвэл бидний хэрэглэдэг цаг тооллоос хоёр зуугаад жилийн ялгаатай нь харагдана” гэжээ. Фулс тэр орон зайг бөглөж, үйл явдлуудын цаг хугацааг дахин тогтоожээ.
Тэгэхлээр ертөнцийн сүйрэл ядаж хоёр зуун жилээр хойшилж байгаа хэрэг үү?
Германы археологч Николай Губе бол майячуудын түүхийн талаарх европийн хамгийн алдартай мэргэжилтэн. Австрийн Die Presse сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр майячуудын нууц мэдлэгүүдийг болон тэд 2012 оноос чухам юу хүлээж байсныг, “майячуудын зөгнөлийн” тухай ярьцгаадаг улсын зөв эсэхийг сайн мэддэг тухайгаа өгүүлжээ. Тэгэхлээр бид сүйрлийн өөдөөс явж байна уу эсвэл түүнээс холдож байна уу?
Энэ ярилцлагын хэсгээс бид уншигчиддаа толилуулж байгааг хүлээн авна уу.
Die Presse: -Тэгэхлээр майячууд ертөнцийн сүйрлийг үнэхээр зөгнөн хэлсэн гэж үү?
Николай Губе: -Үүнд ялгаатай хандах хэрэгтэй. 2012 онд Ертөнц сүйрнэ гэж майячууд хэлээгүй. 2012 оны тухай зөгнөн хэлсэн зүйл тэдэнд байхгүй. Харин ертөнцийн сүйрлийн талаарх төсөөлөл ойлголт байсан уу гэвэл байсан. Испанийн булаан эзлэлтээс өмнөх болон өнөөгийн майя нарын дунд ч байгаа. Гэхдээ тэр бол хэзээ нэгэн цагт сүйрэл болно гэсэн санаа юм. Ийм ойлголт бусад үндэстэн ард түмнүүдийн дунд ч байдаг тул гайхах зүйлгүй.
-Тэр сүйрэл яг хэзээ тохиох талаарх цаг хугацааны тодорхой баримжаа тэдэнд байсан уу?
Грубе: Үгүй дээ, тодорхой цаг хугацааг хэзээ ч хэлж байгаагүй. Ертөнц удахгүй сүйрэхийн урьтал шинж тэмдгүүд бий гэдэгт орчин цагийн майячууд ч итгэдэг. Амьдралынх нь уламжлалт хэв маяг удахгүй балран алга болохыг мэдэрсэн эртний ямар ч омог үндэстэнд тийм ойлголт байдаг. Тэдний хувьд ертөнцийн сүйрэл бол нэг тиймэрхүү зүйрлэл, соёлын хэм хэмжээ, амьдралын хэв маягийн өөрчлөлтийг илэрхийлж байдаг. Ертөнц угаасаа үе үе мөхөж, сэргэж байдаг гэдэгт итгэдэг зарим хүнийхээр тэртэй тэргүй сүйрэл болох гэнэ. Магадгүй шинэ эрин үе ирэх юмуу эсвэл хүний шинэ төрөл бий болох биз. Майячуудын шүтэн биширч ирсэн ариун судар “Пополь-Вух” гэгчид итгэх аваас хүн төрөлтөн дөрөв дэх удаагаа төрөөд байгаа гэнэ. Та бид бол дөрөвдэх үеийн буюу эрдэнэ шишийн хүмүүс ажээ.
-Тийм бол 2012 оноос айж санаа зовох хэрэг байгаа юм уу?
Грубе: 2012 онд майячуудын цаг тооллоор арван гурав дахь дөрвөн зуун жил эхэлж байгаа бололтой. Энэ бол сүүлчийн биш, ихээхэн чухал үйл явдал болж таарч байна. Арван гурав дахь дөрвөн зуун жилийн дараа арван дөрөв дэх дөрвөн зуун жил гэх мэтээр цаг тоолол үргэлжилсээр байх нь мэдээж. Өөрөөр хэлбэл нэгэн мянган төгсөж байгаатай адил. Гэвч энэ бол цаг тоолол төгсөж байгаа хэрэг бишээ. Майячууд сайн одон орончид байсан нь ойлгомжтой. Гэсэн ч манай дэлхийг ирж мөргөн сөнөөх тийм гарагийн талаар тэд юу ч хэлж үлдээсэнгүй. Гэтэл өөрсдийгөө ихэд өргөмжлөөд байгаа эрдэмтэд шинжээчид ирэх жил ертөнц сүйрнэ гэсэн мэдээлэл дүгнэлтийг яг ямар баттай эх сурвалжаас авснаа дурьдахгүй байгаагаас үзвэл бодит амьдрал дээр огт байгаагүй, майячуудын зөгнөлд итгээд байгаа бололтой.
-Тэгвэл өнөө цагийн талаар тэд ямар ч зөгнөл хэлээгүй хэрэг үү?
Грубе: Майячуудын зөгнөн хэлсэн зүйл байгаа ч тэр нь дөрвөн зуун жилийн мөчлөгийн тухай биш, харин хорин жилийн үед хамаатай. Майячуудын ойлголтоор цаг тоолол нь тус бүрдээ хорин жил үргэлжлэх арван гурван жилд хуваагддаг байжээ. Тэгээд 20 жилийн дараа энэ мөчлөг дахин эхэлдэг, тэр хорин жил бүрийн талаар тодорхой зөгнөн хэлсэн зүйлс байдгийг орчин үетэй тохируулж үзэх хэрэгтэй ч ингэх нь тийм ч сонирхолтой биш байх.
-Тийм зөгнөлүүдэд юу гэсэн байдаг бол?
Грубе: Бүгд их битүү утгатай, яаж ч тайлбарлаж болохоор байдаг. Ямар нэгэн үйл явдалтай яаж ийгээд холбож ч болдог. Яг л өнөөдрийн зурлагатай адил. Итгэсэн хүнд үнэмшилтэй, итгээгүй хүнд ямар ч хэрэггүй зүйлс шүү дээ.
-Майячуудын цаг тооны бичиг бидний цаг тоололтой тохирдоггүй, тэдний түүхийг 208 жилээр ялгаатай авч үзэх хэрэгтэй гэсэн Андреас Фулсын санааг та юу гэж үзэж байна вэ?
Грубе: Андреас Фулсын таамаглалыг би алдаатай гэж үзэж байна. Үүнийгээ ч баталж чадна. Алдаатай гэдгийг нь батлах тодорхой баримтууд байгаа шүү дээ. Яахав 2012 онд майячуудын тооллын ээлжит, арван гурав дахь мөчлөг ирж байж болно. Гэхдээ санаагаа зовоох хэрэггүй. 2012 оны арван хоёрдугаар сарын 21-ний шөнө тайван унтаж болно. Яах ч үгүй.
-Тэгвэл “2012 он” гэсэн дуулианыг юу гэж тайлбарлах вэ?
Грубе: Нийгэмд ямар нэгэн таагүй байдал үүсэхэд илэрдэг орчин үеийн гутранги үзлийн илрэл байх. Хямрал бий болж, шинэ цаг үе ирж байгааг зөгнөх зөнч нар олшроод ирэхэд дандаа л ингэдэг шүү дээ. Магадгүй эдийн засгийн хямралтай холбоотой байж ч мэднэ. Гэхдээ индиан омгуудын соёлтой холбоотой элдвийн нууц ухаанч эрдэмтдийн эрэлт ихсээд ирсэн 1980-аад оны үеэс энэ дуулианы эхлэл тавигдсан шүү дээ.
-Майячуудын зөгнөлүүдээс биелж байсан тохиолдол байдаг уу?
Грубе: Тэр зөгнөлүүд их бүрхэг, битүү утгатай тул хэлэхэд хэцүү байна. Биелсэн зүйл байдаг л байх. Гэхдээ өөрсдийнхөө айдас, түгшүүр, зовнил, буруу ойлголтоо бид майячуудад тохоод байх шиг. Бидний төсөөллөөр майячууд бол онгон дагшин маягийн амьдралтай, байгаль дэлхийд их ойрхон, жинхэнэ “байгаль эхийн хүүхдүүд” шүү дээ. Харин та бид яаж байна? Аж үйлдвэржсэн нийгмийн гай стресс, сэтгэл санааны цохилт хямралд шаналж байна. Майячууд бидний ялгаа энэ шүү дээ. Биднийг зовоож байдаг тэр зүйлс майячуудад байгаагүй. Тийм болохоор л байгаль дэлхийдээ илүү ойр амьдрах, зовлон гамшгаасаа салах сайхан цаг ирэх ёстой гэж бодож байна.
-Ингэхэд орчин үеийн майячууд яажшуухан амьдарч байна вэ?
Грубе: Янз янз л даа. Майячуудын ихэнх нь буюу Мексик, Гватемал, Белизийн 6-9 сая хүн тариачны хөдөлмөр эрхэлж байна. Майячууд бол хөдөө аж ахуй эрхлэгчид. Тэд маис, шош, тариалж, нийгмийн хамгийн доод давхаргад хамрагдаж байна. Үгээгүй ядуу хүн ч олон. Гэсэн ч тэдний өнгөрсөн түүхийг сонирхох нь улам нэмэгдсээр. Майячуудын оюун санааны уламжлалыг сэргээх гэсэн сонирхол ч хаа нэгтээ байгаа байх. Ялангуяа Гватемалд. Майячуудаас бүрдсэн нийгмийн дунд ангийнхан тэнд бий болжээ.
-Майячуудын соёлоос юу нь таны сонирхлыг илүү татаж байна вэ?
Грубе: Бараг хэний ч мэдэхгүй гайхамшигт соёл байсан учраас би багаасаа сонирхож эхэлсэн. Харин одоо бол тэр хачин гайхалтай зүйлсийг нь орхиж, тэд биднийг юу холбож байгааг ойлгох нь чухал гэж үздэг болсон. Африк, Ази, Европ зэрэг Хуучин Ертөнцийн соёл иргэншлүүдтэй аливаа холбоогүй ч Шинэ Ертөнцөд амьдарч байсан хүмүүсийн талаар бид ярьж байна. Хүмүүс тус тусдаа бие даан амьдарч байлаа ч нийгмийн зохион байгуулалт, цаг тоолол, шашин шүтлэг, бурхад, бичиг соёлын хувьд адил төсөөтэй шийдвэр гаргадгийг майячуудын жишээнээс мэдэж болно. Тэгэхлээр янз бүрийн соёлыг харьцуулан судалж байж л бид хүний ухамсрын үндсэн шинж чанаруудыг олж мэдэх юм. Майячуудын өнгөрсөн үеийн соёл иргэншлийг судалдаг археологчид, түүхчид үүнд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байна.





Erdem-ikh-khuch setguuliig onlain-r unshimaar baina.
Tuslaach !!!
By: Batbold on Дөрөвдүгээр сар 23, 2010
at 3:27 pm
Сайн байцгаана уу эрохэм хүндэт уншигчидаа!
“Эрдэм их хүч” сэтгүүлийн өмнөх дугааруудыг онлайнаар унших боломжгүй юм. Иймээс редакцийн 70111611 утсаар холбогдож цаасан хувилбараар нь арай хямд үнээр авч уншиж байхыг санал болгож байна.
By: adobemn on Дөрөвдүгээр сар 23, 2010
at 8:07 pm
Эрхэм уншигч та бүхний амрыг эрье
“Эрдэм их хүч” сэтгүүлийг оюуны нэлээд хүсэл тэмүүлэлтэй цөөхөн захиалагч уншдаг учраас асар өндөр үнээр хэвлүүлсэн, мөн орчуулгад зарцуулсан зардлаа нөхөж чадалгүй дугаар бүрээс ихээхэн алдагдал хүлээж байдаг юм. Гэвч та бүхний оюуны мэлмийг мялаах гэж ивээн тэтгэгчийн зүгээс алдагдлыг бүрэн хүлээж байгаа билээ. Иймд бид дугаарын бүх нийтлэлийг интернэтэд үнэгүй тавих боломжгүй учир аль болохоор захиалж уншихыг хүсье
Манай сэтгүүлийг сохирхсон та бүхэнд баярлалаа
By: adobemn on Зургадугаар сар 2, 2010
at 9:37 am
Интернэтэд зөвхөн шилдэг нийтлэлийн товчийг тавьж байх болно
By: adobemn on Зургадугаар сар 2, 2010
at 10:36 am