Брэнд өнгийг одоо хялбар гаргах боллоо
Юнителийн ногоон, Жимобайлийн шар гэх мэтээр монголд хүн бүхний мэдэх брэнд бүхэн өөрийн өнгөний кодтой. Өөрөөр хэлбэл алив нэгэн брэндийн логог хэвлэх боллоо гэхэд түүний зохиогчийн эрхээр хамгаалагдсан өнгөний кодыг заавал зөв гаргах ёстой байдаг. Хэрэв тэр кодыг буруу гаргавал хэвлүүлсэн бүтээгдэхүүнээ авахгүй гээд гэрийчихэд түүнийг хэвлэсэн үйлдвэр шатаж таарна биз дээ.
Тэгвэл мэргэжлийн хэвлэлийн болон вэб дизайнуудад нэгэнт хэвлэгдсэн бүтээгдэхүүнээс нь CMYK, RGB болоод Lab өнгөний орон зайг оруулаад Pantone өнгөний кодыг түвэггүй хэмжиж гаргах боломжийг Pantone пүүсийн «Pantone CAPSURE» хэмээх төхөөрөмж олгож байна. Энэхүү “өнгөний сканнер” нь «Pantone Matching System» хэмээх өнгөний системийн 8000 гаруй кодоор бэлэн найруулсан будгийн чухам алинд нь тухайн хэмжсэн өнгө дөхөж очих вэ гэдгийг хорхомхон зуур нарийн тооцож гаргах юм байна. Түүнчлэн 1,75 инч дэлгэцтэй энэ багаж нь цаас, мод, нэхмэл эдлэл, хана, шал хивс зэрэг ямарч том жижиг гадаргуугаас эхлээд өчүүхэн толбонд хүртэл 1,6 секундын хооронд хэмжилт хийж чадна гэнэ.
Ажиллагааны зарчим нь: хэмжих цэг дээрээ дээд нүдийг нягт шахан байрлуулж байгаад гар утасныг шиг голын товч дээр дарахад тасалгааны гэрэлтүүлэг ямар ч төрлийн байлаа гэсэн өөрийн дотоод гэрэлтүүлэгчийн тусламжтайгаар огт будилалгүйгээр хэмжилт хийж өнгөний кодыг зөв гарган 100 өнгийг санах боломжтой юм байна. Тэгээд USB залгуураар компьютерт залгаж Adobe Photoshop ба Illustrator, мөн QuarkXPress програмаар памжуулан өнгөний кодоо оруулах ажээ.
Хэдийгээр энэхүү өнгө хэмжигч нь 649 ам.долларын өндөр үнэтэй байгаа ч iPhone утсанд ердөө 10 долларын төлбөрөөр нэмэлт багаж болон суулгагдах боломжийг судалж байгаа ажээ.


