Өнгөшилтийн диаграм ба өнгөний температур
Сайн зураг авахын тулд юуны өмнө өнгөний диаграм ба өнгөний температурын талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Учир нь гэрэлгүй бол гэрэлзураг хэмээх ойлголт утгагүй. Нөгөө талаар гэрэл зураг авах нь гэрлийн дулаан буюу температурыг дижитал камерын матрица буюу сенсороор тэмдэглэж буй хэрэг билээ.
Анх дижитал камер (угтаа бол анх телевизор) бүтээгдэхэд л байгалийн тааламжит өнгийг аль болох бодитой үзүүлэхийн тулд хаана нь улаан, хаана нь ногоон өнгө байгааг төхөөрөмжид хэрхэн таниулах вэ гэсэн асуудлыг шийдэх шаардлага эрдэмтдэд тулгарчээ.
Ингээд туршилтууд явуулсны дүнд дээрх улаан, ногоон ба хөх өнгөнд харгалзах XYZ тэнхлэгт тулгуурлан өнгөшилтийн диаграм xyY (xyY Chromaticity Diagram) буюу орон зайн гурван хэмжээст диаграммыг зохиов. Үүний тэнхлэгүүд нь улаан, хөх, ногоон гэсэн үндсэн өнгүүдийг гэрэлтүүлгийн тодорхой орчинд хүний харааны лонхонцор хэрхэн мэдэрч байгаа мэдрэмжийг тодорхойлох ба эндээс тэнхлэгийн дагуух орон зайн тодорхой цэгүүдэд өнгөний тодорхой зүс (оттенок) харгалзан харагдах хүрээг бий болгоно. Энэ системийг хялбар ойлгуулах үүднээс гурван хэмжээст орон зайгаас зөвхөн нэг л проекцийг нь авч гутлын тах мэт хавтгайд дэлгэн үзүүлснээр өнгөний хамрал гэдэг ойлголт тодорхой болжээ. Тодруулбал гадна талын тах хэлбэрийн хүрээ шугамын доторхи талбай нь стандарт ажиглагчийн нүдэнд харагдах Өнгөний хY орон зай юм. Өнгөний хамралын диаграмыг зохиосноор хамгийн гол нь өнгөний тодорхой зүсэнд тодорхой тоон утга харгалзаж байгаа болохлоор уг диаграмаар ямар ч төхөөрөмжийн өнгөний үзүүлэлтийг тодорхойлох боломж бүрдэв. Гэхдээ энэ нь зөвхөн онол бөгөөд техник тоног төхөөрөмж нь онолын өнгийг бүрэн дүүрэн гаргах ямар ч боломжгүй. Жишээ нь голын хэсэгт харагдаж буй гурвалжин нь CRT буюу жирийн электрон хоолойт дэлгэцийн өнгө үзүүлэх (RGB) боломжийнх нь хүрээ хязгаар юм. Гэтэл эндээс үзэхэд харагдах өнгөний нэлээд хэсгийг төхөөрөмж гарган үзүүлж чаддаггүй болох нь.
Байгалийн гэрэлтүүлгийн эх ундарга болох нарны гэрэл өглөө, үд дунд, оройдоо өөр өөр эрчмээр гэрэлтдэг. Түүнчлэн үүл манан, улирлын байдал зэргээс ч хамаарах нь тодорхой тул байгалийн гэрэлтүүлгийн нөхцөлд буй обьектийн өнгийг хэмжих нь харьцангуй ойлголт юм. Ийнхүү гэрлийн эх үүсвэрийн тоо хэмжээг нэгдсэн үнэлгээнд оруулах зорилгоор Кельвиний градусаар хэмжих өнгөний температур гэдэг ойлголтыг бий болгосон байна. Байгалийн өдрийн гэрэл нь ихэнхдээ 4800-6800 К өнгөний температурын заагт байдаг аж.
Ингээд дээрх олон улсын комиссоос өнгөний температурын “нормчлогдсон“ эх үүсвэрийг тогтоохдоо Кельвиний 6504 хэм гэж тооцжээ.
Дээрх стандартын үсгэн тэмдэглэгээ бүрийн ард тодорхой температурын утга харгалзаж байдаг. Жишээ нь, А гэхэд л 2856 К-тэй эквивалент хэмжээ бүхий үүсмэл гэрэл (жирийн улайсах чийдэн)-ийн дундаж норм энэ нь улаан өнгө тал уруугаа хэлбийх тул хүнд дулаан мэдрэмж төрүүлнэ. Харин D65 болоод ирэхлээр бидний яриагаар өдрийн гэрэл буюу флуоресцент гэх чийдэнгийн гэрэл бөгөөд 6504 К болж температур нь ихсээд ирэхлээр хөх өнгө тал уруу шилжиж үл мэдэг цэнхэр туяатай болох тул түүгээр гэрэлтүүлэгдсэн обьект илүү хүйтэн санагдана.
Зураг авах үед бидний нүдэнд цав цагаан мэт харагдсан зүйлийн зургийг тасалгааны ерийн чийдэнгийн гэрэлд авахад тэр нь улаан, харин хийн гэрэлтэй орчинд авахад хөх туяатай болчихсон байх нь бий. Энэ нь дулаан ба хүйтэн гэсэн тухайн гэрлийн эх үүсвэрийн температураас хамаарсан хэрэг юм.
Тэгвэл 3200 орчим кельвинд улайсах чийдэн (1), 3500 нь нарны өглөө, оройн гэрэл (2), 4200 нь хийн гэрэлтүүлэг (3), 5500 нь гэрэл хаягч буюу вспышка (4), харин 6500 нь нарны өдрийн гэрэл (5), 7000 нь бүрхэг өдөр (6), 7200 нь цэлмэг тэнгэр (7) зэргийн өнгөний температур болно. Өөрөөр хэлбэл ямар орчинд зураг авна түүний гэрэлтүүлгийн температурын нөлөө авсан зурагт чинь бууна гэсэн үг.
Жишээ нь улайсдаг чийдэн бүхий гэрэлтэй танхимд зураг авахад зурганд шар улаан туяа буудаг бол үүнийг засахын тулд хальсны аппаратад өнгийн (энэ жишээнд хөх өнгийн фильтер) тусгай линз ашиглана.
Дижитал камерт үүнийг “Цагааны баланс“ (WB) гэх горимоор засч тохируулах ба жишээ нь улайсах чийдэнд авсан зургийн улаан туяаг цагаан цэгийн тусламжтайгаар зураг дахь улаан өнгийг бууруулж, ногоон ба хөхийг нэмэгдүүлэх замаар засвар хийдэг. Дижитал камерт “Цагааны автобаланс” гэх горим байдаг ба энэ нь гэрэлтүүлгийн төрлийг өөрөө мэдэрч тохируулдаг.
Мөн photoshop програмд photo filter хэмээх өнгөний шүүлтүүр хийх багаж бий.
Цасан дээр авахуулсан зураг яагаад хөх туяатай гардаг вэ?
Мэдээж энэ бол гэрэл хэт хүчтэй буюу гэрлийн температур дэндүү өндөр байсных юм. Ер нь тасалгааны энгийн улайсдаг чийдэн 3850К орчим дулаантай байдаг болохлоор гэрлийн температур дутаж зураг шар туяатай гардаг. Гэтэл хэт хурц нартай цэлмэг өдөр буюу далайн эрэг цасан дээр гэрлийн температур хэт өндөр 6500К орчим байх тул зураг цэнхэр туяатай болчихдог энэ дутагдлыг арилгах зорилгоор нэгэнт авсан зурганд photoshop програмд боловсруулалт хийхдээ Photo Filter хэмээх багажыг ашиглан зурагт гарсан илүүдэл туяаг шүүж болно. Жишээ нь зураг хөх туяатай бол Photo Filter дээр шар
өнгийг авах бол улайсдаг чийдэн бүхий гэрэл дутсан орчинд авсан зургийн өнгийг засахын тулд эсрэгээр хөх өнгийн фильтер авч болох юм. Нөгөө талаар хөх цэнхэр өнгөтэй зүйлс зурагт их орсноос хүний бие зэрэгт хөх тон харваж болно. Үүнийг засах жишээг үзнэ үү.
Одоо энэ зурагт харвасан хөх өнгө, тухайлбал цагаан малгайд суусан хөхөмдөг тоныг засахын тулд photoshop CS5 програмын Adjustments хэмээх засварын давхаргаар орж Photos Filter товч дээр дарна. 
Тэгээд доорх зурагт үзүүлснээр засвар хийнэ.
