“Бүтээлээ интернэтээр борлуулж, 40 мянган ам.доллар олсон”

Би есдүгээр ангидаа тэнцэж чадалгүй улаан шугамны ард хоцорсон хүн
Э.Уужимбаяр бол интернэт графикийн чиглэлээр аппликейшн бүтээж, их хэмжээний орлого олж чадсан чадварлаг залуу. Өөрийн зохиосон бүтээлийг интернэтээр борлуулах боломжийг 19 настайдаа нээсэн тэрбээр “Motionworks” студи нээн, захирлаар нь ажиллаж буй. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

-Анх хэзээнээс график дизайныг сонирхож эхэлсэн бэ?
-Би багаасаа зурах дуртай хүүхэд байсан. 1999 оноос ээжийнхээ ажлын компьютер дээр “Microsoft Paint”-ийг нээгээд л зурж эхэлсэн. Хожим тав, зургаан жилийн дараа “Photoshop” программыг бие даан сурсан юм. Яваандаа тоглоомны өгүүлэмжтэй бичлэгийг эвлүүлэн видео хийх сонирхолтой болсон. Энэ нь видео эвлүүлдэг программуудыг сурах эхлэлд хөтөлсөн гэж болно. Одоо ч өөрийгөө хөгжүүлж байна.

-Дээд боловсролоо энэ чиглэлээр эзэмшсэн үү?
-Үгүй ээ. Интернэтээр бие дааж сурсан.

-Хэзээнээс мэргэжлийн түвшинд бүтээл хийж эхлэв?
-15 настайгаасаа хичээлээ тараад л ахынхаа ПС тоглоомын газар ажилладаг байсан. Тэр үед мэргэжлийн программуудыг ашиглаж, өөрийгөө хөгжүүлж эхэлсэн дээ. Анхны ажилдаа 17 настайдаа орж вэб хуудас, эх бэлтгэл, загвар гаргасаар график дизайнер болсон. Эцэг, эхээсээ санхүүгийн хараат бус болсон үе тэндээс эхтэй. Улмаар компьютер, интернэт хоёрыг амьдралынхаа нэг хэсэг болгосноор ур чадвараа ашиглаж тэндээс мөнгө олох боломж байгааг харж байсан. Тэгээд л ажлаасаа гарч хоёр жил орчим гэртээ идэвхитэй ажилласан.

-Тухайн үед хийсэн бүтээлээ олон улсад гаргаж ашиг олсон юм уу?
-Тэгсэн. 2010-2013 он хүртэл гэртээ шаргуу ажиллаж хийсэн хөдөлгөөнт дүрс бичлэгүүдээ интернэтээр борлуулж эхэлсэн. Тухайн үед сардаа 1000-1500 ам.долларын ашиг олж байлаа. Гэхдээ одоо илүү өөр зүйлд анхаарч байна.

-Одоо больчихсон гэж үү?
-Бүр мөсөн болиогүй ээ. Хийсэн бүтээлүүд маань одоо ч борлуулагдсаар л байгаа. Үүний хажуугаар шинээр сурч мэдсэн зүйлсээ ажил болгон өөрийн гэсэн студи байгуулсан юм. “Motionworks” студийг байгуулаад гурван жил боллоо. Тиймээс интернэтээр борлуулах бүтээлдээ төдийлөн цаг гаргаж амжихгүй л байна.

-Танай студи ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Өөрийн гэсэн график дизайны студитэй болохыг маш их хүсдэг байсан юм. Гэвч санхүүгийн асуудлаас болж жаахан удсан. Цуглуулсан мөнгө маань хангалтгүй байлаа. 22 настай надад хэн мөнгө зээлэх билээ. Гэтэл ахын нэр дээр ам.доллараарр зээл гарах боломж бүрдэж, би ч уухайн тас авсан. Одоо зээлээ төлж дуусгаад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

-Студиэ анх нээхэд хэдүүлээ, ямар нөөц бололцоотойгоор гараагаа эхэлж байв. Одоо ямар өөрчлөлт гарсан бэ?
– Анх санаа нийлсэн гурван найзтайгаа дөрвөн компьютер, камера, кран, дуран бас бус хэдэн гэрэл аваад орон сууцны нэг давхарт хоёр өрөө байр түрээслээд л эхэлж байлаа. Одоо бол зургуулаа болж, камера дуран гэрэл гээд л бүх юмаа шинэчилсэн. Түүнчлэн “RenderFarm” хийх бололцоотой 60 компьютертай болж, хотын төвд 300 ам метр оффис түрээслэн студи, тоглоомын газар хоёроо ажиллуулж байна даа.

-Монголд таны адил бүтээлээ гадагшаа борлуулдаг график дизайнер олон бий юу?

-Монголд outsourcing буюу гаднаас хийдэг хувь хүмүүс байдаг. Миний мэдэхээр вэб хуудасны загвар гаргаж зардаг хэдэн ах нар бий. Тэд “Themeton” гэдэг компани байгуулж энэ салбарт тууштай ажилладаг. Тэдний бүтээлээ зардаг сайт дахь хувийн мэдээллээс 500 мянган ам.доллароос дээш орлого олсныг нь харж болно.

Харин би 40 мянган ам.доллар олж байсан. График дизайнеруудад ямар их боломж нээлттэй байгаа нь эндээс тодорхой байх.

-График дизайны салбарын хөгжил Монголд хэр ирээдүйтэй байна вэ? -Ирээдүйтэй шүү. Интернэтийн ачаар маш их боломж нээлттэй байна. Тиймээс хүн бүтээлч сэтгэлгээтэй, тууштай, хөдөлмөрч, англи хэлний бага зэрэг мэдлэгтэй байхад л ганц график дизайн гэлтгүй ур чадвараа ашиглан интернэтээр мөнгө олох арга олон бий.

-Бие дааж уран бүтээл хийх, багаар ажиллахын ялгаа юу вэ. Монгол хүнд аль нь илүү нийцтэй байдаг бол?

-Миний бодлоор бие дааж уран бүтээл хийхэд амар байдаг. Тэр тусмаа Монголд. Гэхдээ манай залуучууд багаар ажиллах чадвар тааруу гэлээ гээд дандаа ганцаараа ажиллаад байж болохгүй шүү дээ. Санаа нэг, гар нийлдэг хүнтэйгээ нам суугаад ажиллахад маш сайхан эрч хүч мэдрэгддэг. “Motionworks” студиэ байгуулж, тийм хамт олноо олсон гэж боддог.

» Анх санаа нийлсэн гурван найзтайгаа орон сууцны нэг давхарт хоёр өрөө байр түрээслээд л эхэлж байлаа.

» Хүн өөрөө эрмэлзэн хүссэн үедээ, саадгүй орчинд суугаад сурвал илүү үр дүнтэй.

» Монголдоо E-Sport-ийг хөгжүүлж, залуучууд энэ чиглэлээр мэргэжлийн түвшинд хичээллэж, олон улсад юм дуулгаасай гэж хүсдэг.

-Апп хөгжүүлэх, тоглоом бүтээх, график дизайн зэрэг нь хүүхэд, залуучууд, чөлөөт уран бүтээлчдэд боломж олгодог гэж би хувьдаа боддог. Та ямар бодолтой байдаг вэ?

-Би бас их таатай хүлээж авдаг. Интернэтийг зүй зохистой хэрэглэвэл хичээл, заавар, мэдлэг мэдээлэл авна гээд олон давуу талтай. Асар өргөн хэмжээний, нээлттэй шифи гэх юм уу даа. Түүнчлэн хүний насанд тохирсон компьютер тоглоом тоглоход сэтгэн бодох чадамж дээшилдэг гэсэн судалгаанууд гарч байна. Гэхдээ тоглоомонд донтож, ухаанаа самууртал тоглож болохгүй л дээ. Миний нэг хүсэл бий. Монголдоо E-Sport-ийг хөгжүүлж, залуучууд энэ чиглэлээр мэргэжлийн түвшинд хичээллэж, олон улсаас юм дуулгаасай гэж хүсдэг. Үүнийхээ дагуу “MW Gaming” ПС тоглоомын төв ажиллуулж эхэлсэн.

-Эдгээр ур чадварыг хүн сургуулийн ширээний ард сурдаг уу?

-Ширээний ард суугаад, номын дуу сонсоод сурч болно. Гэхдээ хүн өөрөө эрмэлзэн хүссэн үедээ, саадгүй орчинд суугаад сурвал илүү үр дүнтэй болов уу гэж боддог. Ганцаарчилсан сургалт маягаар гэх үү дээ. Би есдүгээр ангидаа тэнцэж чадалгүй улаан шугамны ард хоцорсон хүн. Бас дипломгүй ч гэсэн өөрийн хүсэл сонирхлоороо амьдарсаар өдийг хүрлээ. Үүнд би харамсдаггүй.

-График дизайн сонирхдог хүүхэд, залуучуудад юу гэж зөвлөмөөр байна вэ? -Уушги минь өвдөж, нэгийг нь авахуулсан юм. Түүнээс хойш өглөө бүр хэд хэдэн дусал хийлгэж байна. Гэхдээ хүн шантралгүй хөдөлмөрлөж, зүтгэвэл болдгийг л ойлголоо. Тиймээс залуучуудад бүү шантар, хийсэн бүтээлээсээ урам авч улам илүү эрч хүчтэй ажиллаарай гэж хэлмээр байна. Хүн хүсэж, тэмүүлвэл мөрөөдөлдөө заавал хүрдэг юм.

 

Сурталчилгаа

ArtCAM-ийн сургалт 2016-11-08нд 14 цагаас эхлэх гэж байна.

Хүмүүсийн асуугаад байгаа ArtCAM-ийн сургалт одоо энэ 2 дахь өдөр буюу 2016-11-08нд 14 цагаас эхлэх гэж байна. Гэхдээ энэ ажилд ганц ArtCAM хангалтгүй бөгөөд дараах иж бүрэн програмуудыг сурах хэрэгтэй. Иймээс сургалт эхлээд 1 өдөр ILlustrator CSS-т хоёр хэмжээст эхийг зохиогоод, дараагийн 2 өдөр Rhinoceros 5.0 дээр гурван хэмжээст оруулан эд ангийн босгож, тэгээд 2 өдөр ArtCam 2011 дээр G-Code гарган улмаар сүүлийн нэг хоногт NCStudio-г үзэж CNC машин дээр өөрсдийн биеэр зорох дадлага хийнэ.

Өмнө холбоо барьж байсан хүмүүс яаралтай бүртгүүлнэ үү.

91948001 ба 99586401, 99786401

maxresdefault